14/08/2024
GOLDEN RETRIEVER ҮҮЛДЭРИЙН ТУХАЙ
“САЙХАН СЭТГЭЛТ САХИЛГАГҮЙ”
За Алтан шаргалыг оруулаад өгөөч гэсэн хүсэлт их ирсний дүнд эхний бичвэрээрээ Голден Ретриверийн тухай оруулахаар шийдлээ. Харин маш их мэдээлэл болж байгаа учраас үүлдэрийн төрөл зүйл, үүсэл гарал, түүхийн тухай ерөнхий мэдээлэл нь гүүгл болон зарим нэг пэйж дээр сайн бичээстэй байсан учир тэр постуудыг олоод коммент хэсэгт линк тавьчихая.
Харин манай пэйжний мэдээлэл нь тэжээхэд голлон анхаарах зүйлс, 2үе дараалан 4 Голден Ретривер тэжээсэн хүний зөвлөгөө, нохой сургагч нарын мэдээлэл, дүгнэлт, малын эмч нарын зөвлөгөө зэргээс түүвэрлэн тоймлон бичсэн байгаа шүү. Ингээд мэдээлэлтэйгээ танилцана уу.
Ретривер бол анчны буудсан шувууг олж авах зорилгоор анх үржүүлсэн агнуурын нохойн үүлдэр юм.
“RETRIEVER” - Олж буцааж авчирдаг гэсэн утгатай үг. Анчны олзыг олж зууж авчрах.
НАСЛАЛТ: 10-12жил
БИЕИЙН ЖИН: 27-37кг
БИЕИЙН ӨНДӨР: 50-60см
ӨНГӨ: Алтан шаргал, крем өнгө
ДАВУУ ТАЛ:
1. Анчин удамтай нохой дундаас онцгойлон сайхан сэтгэлтэйгээрээ алдартай. Өөрөөсөө илүү бусдыг боддог зан ааштай, заримдаа нохойтой муудалцвал чимээгүйхэн холдоод бууж өгдөг, ер нь маш их буулт хийдэг, зөөлөн сэтгэлтэй амьтан. Хэр сайхан сэтгэлтэй вэ гэвэл 99удаа өөрийг нь зовооход 100 удаа хүлцэнгүй байж чадах л амьтан гэнэ. Албан ёсны олон улсын хоч нь “Сахиусан тэнгэр” шүү кк.
2. Ухаантай TOP5 нохойн үүлдэрт багтдаг. Нохой сургагч нарын хамгийн дуртай үүлдэр гэнэ. Онцгойлон сургах техник шаарддаггүй маш хурдан хугацаанд сайн сургалт авдаг. Тиймдээ ч одоог хүртэл хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөтөч нохойгоор төгс тохирох үүлдэр гэж үздэг.
3. Нийгэмшил сайн. Маш нийтэч зантай учир элдэв хүнээс бишүүрхэж хүнрүү дайрж, хуцахгүй. Өөрийг нь залхтал нь оролдож байгаа хүүхэд байсан ч дотроо сайхан сэтгэл гаргаад за яахав гээд хүлээж авдаг төрлийн нийтэч амьтан гэнэ.
4. Нуур, гол, усанд дуртай - Ангаа авчрахдаа усанд их сэлдэг байсан учраас усанд дуртай, сайн сэлдэг чадвартай.
5. Хүүхдэд сайн - Гадаадад аутизмтай хүүхдүүдийн хөгжил болон нийгэмшилд туслуулахаар Голденг хамгийн их сургадаг байна. Ажил үүргээ ч сайн биелүүлдэг хамгийн хүүхдэд ээлтэй үүлдэрийн тоонд толгой цохьдог байна.
СУЛ ТАЛ:
1. Маш сахилгагүй - Голден бол маааш ухаантай нохой. Тийм учраас сониуч зангаараа эд зүйлийг зүгээр байлгана гэж байхгүй. Гөлөг байхдаа нилээн сахилгагүй. Ер нь бол 3-4нас хүрч байж даруухан болдог. Гэр орон, шал, обой, буйдан, ор дэр будаа болох бол энүүхэнд. Ер нь бол байнга эд хогшил эвдэлж хэмхлэнэ, гутал хувцас сэмэлж, оймс, хувцас идээстэй явна. Малын эмч “миний эмчийн резинэн бээлийг зулгааж татаад идсэн ганц нохой бол Голден байсандаа” гэж ярьж байсан. Тийм л юм хазаж зулгаах дуртай сахилгагүй байдаг гэнэ.
2. Хазалт - Голденгийн нэр нь Retriever буюу зууж олж авчрах гэсэн утгатай. Яг нэр шигээ байнга амандаа ямар нэгэн юм зууж, хазаж, зулгааж явна. Тиймээс багадаа хэт их хазаж тоглох бөгөөд хүний гар хөл хазаж болохгүй гэдгийг маш сайн зааж сургах хэрэгтэй. Гадуур явахдаа ч газраас юм олоод байнга амандаа зуугаастай явж мэднэ. Үүлдэрийн онцлог нь байх нь.
3. Үс уналт - Бараг Голденгийн хамгийн том сул тал нь энэ. Үс уналтын хэмжээ нь маш өндөр. Унасан шувууг авчрахаар намаг, шавар шалбаагт их ордог байж. Тиймээс арьс, үсээ цэвэрлэж байхын тулд үсээ их хаядаг генетикийн онцлогтой болсон. Ер нь бол Голден тэжээж эхэлснээс хойш хар бараан өнгийн хувцас өмсөх эрхгүй болох ба тоос сорогч эвдрэх, ор дэрэн дээр үс, ноос бөөгнөрөх, хоолон дотор нохойн үс явах зэрэг нь өдөр тутмын энгийн асуудал болно. Нохойн үсэн дунд амьдарнаа гэсэн үг. Мөн үс их унадаг нохойн арьс нь эмзэг талдаа байдаг учир арьс үсийг нь хуурай, цэвэрхэн байлгах тал дээр арчилгаа их хэрэгтэй.
4. Таргалалт - Нилээн өсгөлүүн ба 3сар хүрэхдээ дундаж хэмжээний нохойтой адил жинтэй болсон байдаг. Бүрэн нас биед хүрэхдээ 25-40кг гаруй жинтэй болдог. Тэр хэмжээгээрээ хоолондоо их сайн учир хоолыг нь зөв тааруулж өгөхгүй л бол байгаа бүгдийг нь идэх гээд байдаг ховдог талдаа. Тиймээс Голденгийн нэг гол өвчлөл нь “таргалалт” ба таргалалтаас үүдэлтэй зүрх судасны өвчлөл, үе мөчний өвчлөлөөр хамгийн их өвчилдөг. Нохой 4 хөл дээрээ жингээ авч явдаг учраас таргалуулах их муу.
5. Санхүү - Голденд 20кг хоолыг өдөрт 2удаа өгөхөд ердөө 40-45хоног л болох гэнэ. Монголд бол аятайхан нохойн хоолны үнэ үнэхээр их нэмэгдсэн байналээ. Тэгэхээр та сар болгон 20кг сайн чанарын нохойн хоол+нэмэлт загасны тос зэрэгт мөнгөө зарцуулна гэдгээ сайн тооцоолох хэрэгтэй. Дээрээс нь мэдээж мал эмнэлэгийн үзлэгт сайн оруулж байх ёстой. Тэр талын санхүү мөн их шаардана.
6. Том нохой - Том нохойн сул тал нь асуудал тарьвал Том асуудал тарьдагт байдаг. Хэдхэн хоногийн өмнө нохойтойгоо орж болдог кафе дотор Голден эзнээ хуу татаж чирч гүйгээд, дээвэр хүртэл үсэрсэнг харсан. Яг ямар шалтгаанаас болсныг гадаа нь байсан учраас мэдэж чадаагүй. Кофе шоп доторх яг бөмбөг дэлбэрч байгаа юм шиг чимээ гараад хүмүүс орилолдоод, гүйлдээд л явчихсан. Доторх чигээрээ сүйрсэн ба ширээ сандал нь хугараад том нохойг зогсооно гэдэг бол үнэхээр хэцүү юм байнаа гэдгийг харсан. Эзэн нь өөрөө чирэгдээд гэмтсэн. 2настай Голден байсан. Тэгэхээр Голден ретривер юм чинь гээд хяналтгүй байлгаж болохгүй. Сургуулилт, команд дээд зэргээр чухал.
7. Хүнд дуртай - Сайн тал нь ч гэсэн муу тал нь болж мэдэх зан чанарын нэг нь юм. Хүнд эрхлэх их дуртай учир сайн сургуулилт хийхгүй л бол танихгүй хүнрүү гүйж очих, өөдөөс нь эрхлэх гээд үсэрч харайх зэрэг асуудал маш их гардаг. 10,20 гаруй кг жинтэй том биетэй амьтан гэнэт таны өөдөөс үсрээд ирнэ гээд төсөөлөөрэй. Тиймээс багаас нь хөтөлгөөнд маш сайн сургаж, зогс, хүлээ, суу, хэвт, зэрэгц зэрэг командыг тултал нь зааж эзэмшүүлэх ёстой. Нөгөө талаараа хүнд их дуртай амьтан бага зэрэг үнэнч биш гэнэ шүү. Энэ хүн ч таалагдаад, тэр хүн ч таалагдаад яваад өгдөг гэнэ. Үүлдэрийн онцлог нь учраас эздүүд нь битгий гомдоорой кк.
8. Энерги шатаалт - Том нохойн онцлог бол гадаа гүйж, харайж, дор хаяж 3-4цагийн салхилалт, алхалт хийж байж бүрэн энергиээ шатаадаг. Нохойн энерги шатаах гэдэг ямар чухал болохыг манай пэйжээс мэдээлэл авсан байх. Голден бол дээд зэргээр энергийн шатаалт хийж байх ёстой үүлдэр. Тэгэхээр өдөржин гэрт байлгахад маш тохиромжгүй. Голденг хамгийн их тэжээдэг улсууд нь дандаа хувийн хашаатай хаустай Америк, Британи, Канад зэрэг улсууд байдаг. Тиймээс байранд тэжээж байгаа тохиолдолд гадаа сайн гаргаж байх хэрэгтэй.
АНХААРАХ ЗҮЙЛ:
Голден сайхан сэтгэлтэй, ухаантай гээд бүх зүйлд зүгээрээ гээд хяналтгүй байлгаж болохгүй. Ямар ч амьтанд араатан шинж чанар нь заавал байдаг. Зэрэг дэвийн тулаан, эмэгчин амьтны төлөөх өрсөлдөөн, газар нутгаа булаацалдах, эзнээ хамгаалах зэрэг зүйлс нь араатан амьтны яс маханд нь байдаг шинж чанарууд.
Мөн нялх, жаахан хүүхэдтэй том жижиг ямар ч нохойг 2ланг нь үлдээж болохгүй гэдэг бичигдээгүй хууль байдаг. Ойлгомжтой байх гэж бодож байна. Үүнд Голден ч мөн хамаатай шүү.
УДМЫН ӨВЧЛӨЛИЙН ТАЛААР:
1. Голденгийн гол өвчлөл нь түнхний үрэвсэл болон үе мөчний өвчин. (Хойд хөлийн өвдөг муу)Жаахан л үрэвсэл үүсчихвэл түнхний үеийн эргэн тойрны яс, мөгөөрснүүд нь хурдан үхэждэг өвчин юм байна. Энэ өвчин нь генийн өвчлөл учир гөлөг байхад нь тодорхойлох боломжгүй. 2 Голден тутмын 1д нь тохиолдох ба үүсэх магадлал 50%тай байдаг гэнэ. Таргалуулахгүй, хүнд жингүй байлгах нь их чухал.
2. Үүлдэрийг хооронд нь нийлүүлж гаргаж байгаа(нэг талаараа цус ойртолт) тохиолдолд хорт хавдарт их өртдөг. Тэр дундаа Голден нохойны 60- 70% нь хорт хавдраар өнгөрсөн байдаг байна. Ер нь бол хорт хавдартай гэж хараад мэдэгддэггүй учир гэнэтийн үхэл хамгийн их тохиолддог үүлдэрт ордог. Тиймээс 5наснаас хойш заавал жил бүр эмчинй үзлэгт оруулж байх хэрэгтэй.
ГОЛДЕН ҮРЧИЛЖ АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС:
Голден үрчилж авахдаа эцэг, эх нохойд нь ямар нэгэн эрүүл мэндийн асуудал байна уу, түнх, үе мөчний өвчин илэрсэн байна уу гэдгийг маш сайн шалгаж авах хэрэгтэй. Аль болох хямдхан биш үнэтэй, стандартын дагуу үржүүлэг хийдэг хүмүүсээс авах хэрэгтэй.
ЯМАР ХҮМҮҮСТ ТЭЖЭЭХЭД ТОХИРОМЖГҮЙ ВЭ?
- Тэвчээргүй, ууртай хүмүүс
- Нохой, муур амьтнаас амархан харшилдаг.
- Жижиг хэмжээний орон сууцтай
- Нярай хүүхэдтэй
- Гадаа гарах дургүй
- Өдөр бүр нохойгоо салхилуулах боломжгүй
- Байнга гэрээ цэвэрхэн байлгах дуртай
- Өглөө гараад орой ирдэг ажилтай
- Завгүй талдаа, найз нөхөд, уулзалт ихтэй
- Санхүүгийн хувьд тогтвортой биш
- Хамгаалалтын журмаар тэжээхэд Голден үүлдэр тохиромжгүй.
ГОЛДЕН ТЭЖЭЭЖ БУЙ ХҮМҮҮСТ ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?
- Тэвчээр, тэвчээр бас дахин тэвчээр😊 3-4 нас хүртэл нь хатуу тэвчээртэй байх
- Бага байхаас нь гадаа бие засуулж сургах
- Хүн хазаж тоглож болохгүй гэдгийг маш сайн зааж сургах
- Өдөр бүр 2-4цаг гадаа заавал салхилуулж, алхуулж байх
- Вакцин, туулганд нь маш сайн хамруулж байр
- Усанд оруулсны дараа бүлээн сэнсээр маш сайн хатааж байх
- Өдөр бүр үсийг нь самнаж, гуужсан үсийг нь унагах
- Сайн, тэжээллэг, чанартай, үнэтэй хоолоор хооллох
- Биеийн жинг тогтмол барьж, таргалуулахгүй байх
- Нэмэлтээр загасны тос, омега уулгах
- Чихийг нь байнга шалгаж, цэвэрлэж байх
- 5наснаас хойш жил бүр бүтэн биеийн үзлэгт хамруулж байх
- Хоолыг нь яг сайн тааруулж өгч байх, нэмэлт амттан бага өгөх
- Бат бөх сайн чанарын цээживч уяатай явуулж байх
- Командуудыг маш сайн зааж сургах. Эрсдэлтэй үед командаар зогсоохыг сурах
- Аль болох танихгүй хүнд эрхлүүлэхгүй байх( муу зан сураад дараа нь ямар ч хамаагүй хүн дээр гүйж очиж эрхлэх гээд байдаг)
- Зундаа гол туулуулж, усаар тоглуулж байх
- За тэгээд сайн Хайрлаж байх. Хайрлуулдаг нохой өөр байдаг шүү❤️
Ингээд ерөнхийдөө Голден Ретривер үүлдэрийн талаар чухал гэсэн зүйлсийг нэгтгэж бичлээ. Мөн Голден тэжээдэг туршлагатай хүмүүс байвал шинэхэн эздүүд болон тэжээх хүсэлтэй хүмүүст зориулан коммент хэсэгт нэмж зөвлөгөө өгөөрэй. Ингэж хуваалцсан мэдээлэл магадгүй нэг ч гэсэн Голденг гудамжинд гарахаас сэргийлж чадна гэж найдаж байна.
эх сурвалж: “БӨМБӨӨХЭЙ ПЭЙЖ”