25/08/2020
2016 онд батлагдсан журам юм байна Мэдэж байхад илүүдэхгүй байх. .
Нийтлэг журам:
Нийслэл хотын хэмжээнд эзэнтэй буюу эзэнгүй нохой, муур өдрөөс өдөрт нэмэгдсэнээс орчныг бохирдуулах, байнгын хамгаалалт уяатай байлгаагүйгээс хүн, мал амьтдыг зуух, гэмтээх, амгалан тайван байдлыг алдагдуулах, зөвшөөрөл хяналтгүйгээр тэжээснээс золбин нохой элбэгшиж, улмаар зэрлэгших, халдварт өвчин тараах зэргээр хүн амын эрүүл, аюулгүй байдалд учруулж болзошгүй сөрөг нөлөөг таслан зогсооход энэхүү журмын зорилго оршино.
Нэг. Нохой, муур эзэмшигчийн үүрэг
Нохой, муур тэжээхийг хүссэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь хотын Мал эмнэлгээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, тарилга, туулга хийлгүүлэн гэрчилгээ авна. Нохой, муур үхэх, алга болох, тэрчлэн эзэн солигдох тохиолдолд /худалдах, бэлэглэх/ гэрчилгээнд Мал эмнэлгийн газраар тэмдэглэл хийлгүүлнэ.
1.1. Нохой, муур эзэмшигч байгууллага, иргэд нь орон сууц, гэр хорооллын хашаанд тусгай бэлтгэсэн байр, талбайд бат бэх уяатай байлгаж, гадаа гудамж талбайд зугаалуулах, эмчилгээ үйлчилгээ хийлгэхээр авч явахдаа амны хошуувчтай байлгана.
1.2. Нохой, муур бүхий гэр хорооллын айл өрхүүд нь гадна хаалгандаа өдөр, шөнийн цагаар бусдад харагдахуйц ил тод анхааруулах тэмдэглэгээ хийсэн байна.
2. Нохой, муурны байр, уяа, идүүр зэргийг тогтмол цэвэрлэж, ариутгуулж байна.
3. Нохой, муур эзэмшигч нь жил, улирал бүр галзуу, гударга болон мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалтыг хотын Мал эмнэлгийн газраас тухайлан зарласан хугацаанд хийлгүүлж, энэ тухай тодорхой тэмдэглэлийг нохойн гэрчилгээнд хийлгэж байна.
4. Нохой, муур өвчилсөн тохиолдолд тухайн эзэмшигч дүүргийн мал эмнэлгийн байгууллагад хандан холбогдох эмчилгээ хийлгэж, үхсэн тохиолдолд хүүр сэгийг тухайн дүүргийн Тохижилт үйлчилгээний компанид мэдэгдэж төвлөрсөн хогийн цэгт устгуулан, бүртгэлээс хасуулна.
5. Орон сууцанд нохой, муур тэжээж байгаа иргэд нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, дундын өмчлөлийн шат, орц, хонгил, цахилгаан шат, сууцны гаднах 100 метрт тэжээвэр амьтдын ялгадсаар бохирдуулахгүй байх, хэрэв бохирдуулбал тухайн эзэн нь цэвэрлэн, тогтоосон цэгт аваачиж устгал хийж байна.
6. Нохой, муур эзэмшигч нь төлбөрөө байр, гэрлийн мөнгөний хамт сар бүр Орон сууц, нийтийн аж ахуйн компаниудад тушаахаас гадна гэр орондоо тэжээж, ус, цахилгаан, дулаан, хог зайлуулах, бохирын үйлчилгээ хийлгэсэн зэргээс шалтгаалан гарсан төлбөрийг тухай бүр холбогдох газарт төлж байна.
Хоёр. Нохой, муур тэжээгчдэд хориглох зүйл
1. Нохой, муурыг хамгаалалтгүй байлгаснаас хүн, мал уруулах, эмчилгээ, шинжилгээ хийлгэлгүй нохой, муурыг тэжээх, бусдад худалдах, шилжүүлэх, золбируулж хаях.
2. Хотын гудамж, талбай, үйлдвэрлэл үйлчилгээний газар, нийтийн тээврийн хэрэгслээр хамгаалалтгүй буюу хошуувчгүй нохой, муур авч явах, үхсэн мал амьтдын сэг зэмээр тэдгээрийг хооллох.
3. Нохой, муураар хүн айлгах, сүрдүүлэх, амгалан тайван байдал алдагдуулах.
4. Мал эмнэлгийн газрын тарилга, шинжилгээнд хамрагдаагүй, гэрчилгээгүй нохой, муур тэжээх.
Гурав. Нохойн үзэсгэлэн худалдаа, уралдаан тэмцээн зохион байгуулах болон бусад асуудлын талаар:
1. Нохойн үзэсгэлэн худалдаа, уралдаан тэмцээнийг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлгийн байгууллага, цагдаагийн байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор зохион байгуулж болно.
2. Эзэмшигч нь нохойг гадаадад авч явахаар бол хотын Мал эмнэлгийн байгууллагаар шинжилгээ хийлгэж зөвшөөрөл авна.
3. Тэжээвэр нохой, муурын бүртгэл судалгааг хотын Мал эмнэлгийн газар болон хороодын Засаг дарга, орон сууцны контор хариуцан хөтөлж, жил бүрийн мал тооллогын үеэр нохой, муурын тооллогыг хамтатган явуулж байх үүргийг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцна.
4. Энэхүү журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэд, байгууллага нэгэн адил мөрдөнө.
Дөрөв. Золбин нохой, муурыг устгах талаар:
Гудамж, олон нийтийн газар зохих хамгаалалт, хараа хяналтгүй яваа муур болон нохойг золбин гэнэ.
1. Золбин нохой, муурыг устгах цэгийг дүүрэг бүрт байгуулж, энэ цэгт "Нөөц" НӨҮГазар нь тодорхой урамшуулал, тарифаар нохой, муур авч устган төлбөрийг тооцон, хувийн хэвшлийн байгууллагуудын дунд өрсөлдөөн бий болгож, зохих зардлыг батлуулж зарцуулна.
2. Гудамж талбайгаар эзэн, хараа хяналтгүй сул яваа болон хүний биед гэмтэл учруулсан нохойг шууд устгаж байна.
Тав. Нохойн аж ахуй
1. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс нохойг үржлийн зориулалтаар ашиглах, нохойн аж ахуй байгуулах асуудлыг Нийслэлийн Мал эмнэлгийн болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газар шийдвэрлэнэ.
2. Золбин нохой, муурыг тусгай зориулалтын тор буюу машинаар барьж, үргүйжүүлэх ажлыг жил бүр холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хийнэ.
3. Бүрэн шинжилгээнд хамрагдсан нохойг тэжээж тэнхрүүлэн таргалуулж, мах өөх, тос, түүхий эдийг зах зээлд гаргах, ашиглуулах асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийн үндсэн дээр хийж болно.
4. Нохойн арьсыг боловсруулах цех байгуулж, боловсруулсан арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
5. Халдварт өвчинтэй нохойг устгана.
Зургаа. Журмын биелэлтэнд хяналт тавих:
Журмын биелэлтзд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүрэг, хороодын Засаг дарга нар, Цагдаагийн хэлтэс, хүн, мал эмнэлгийн улсын болон тохижилтын байцаагч нар хяналт тавьж ажиллана.
Долоо. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага:
а/ Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хүлээлгэнэ.
б/ Эрх бүхий улсын байцаагч нар Захиргааны хариуцлагын хуульд заасан зөрчлийг илрүүлсэн үедээ зохих мөнгөн торгууль оногдуулна.
в/ Энэхүү журмын заалт болон мэргэжлийн холбогдох байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй иргэдэд хороо, дүүргийн Засаг дарга хуульд заасан эрхийнхээ дагуу арга хэмжээ авна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 зүйлд зааснаар:
1. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
2. Хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүл ахуйн тухай хууль шинэчилсэн найруулга 20.1.8 заалтад:
Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаахыг хориглоно. Уг журмыг зөрчвөл 20 мянган төгрөгөөр торгуулах юм.