27/05/2023
БАГА НАСНЫ ХҮҮХЭДДЭЭ ХАНЬ БОЛГОЖ НОХОЙ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Манайхны хамгийн их асуудаг асуулт бол хүүхэддээ ханьтай нохой авч өгмөөр байна, хүүхэд нохой нэхээд байна, хүүхдээ нохойтой өсгөмөөр байна гэдэг. Гадаадын янз бүрийн хүүхэд нохой 2ын хамт тоглож байгаа бичлэгийг үзээд тэгж боддог байж магадгүй юм. Хүүхэд хэзээ ч бие даан нохой тэжээж чадахгүй. Мөн нохойг хүүхэдтэй өсгөхөд хүүхэд бол чиний найз биш эзэн гэдгийг нь ойлгуулах, хүүхдийг үргэлж хүндэлж харьцахыг сургах хэрэгтэй. Мэдээж амьтанд ийм зүйл ойлгуулж, ухааруулж, заана гэдэг амархан ажил биш юм.
За тэгвэл бага насны хүүхэдтэй айл нохой тэжээж эхлэх гэж байвал доор бичсэн бодит байдлын тухай нэг уншаад үзээрэй.
1. Хүүхэд хэдэн өдөр нохойтойгоо тоглоод л сонирхол нь буурчихна. Ер нь яваандаа бүр л тоохоо болино. Тэгэхээр нохойгоо цаашид тоож арчилж, гол ажлыг нь хийх хүмүүс нь зөвхөн эцэг эх 2 нь болно.
2. Арчилгаа их шаардана. Хүүхэдтэйгээ тоглуулах гэж л авсан нохой тань хүүхдээс тань хэд дахин илүү арчилгаа шаардаж эхлэнэ. Ер нь хүүхэд үрчилж авсан гэж ойлгох хэрэгтэй. Усанд оруулна, шүдийг нь угаана, вакцин туулгыг нь хийлгэнэ, өдөр бүр гадаа салхилуулна, хүмүүжүүлж, нийгэмшүүлнэ, баас шээсийг нь цэвэрлэнэ гээд бодож байснаас хийх ажил мундахгүй их.
3. Санхүүгийн чадвар шаардана. Нэг ёсондоо эхний 1 жилдээ бол мөнгө их орно. Хоол нь үнэтэй. Сайн чанарын хоолоор хооллохгүй бол амархан өвдөнө, рахит тусна. Эмнэлэг нь үнэтэй талдаа. Нохойнд эрүүл мэндийн даатгал гэж байгаа биш. Хувийн эмнэлэгийн дүнтэй тэнцүү. Эд хэрэгсэл, вакцин туулга гээд бас л хөөрхөн мөнгө зарцуулагддаг.
4. Хүүхдийг элэг барьдаг, шоглодог. Нохой сүргийн амьтан учраас хүчтэй лидэрийг дагаж хүчгүйг нь үл тоож, дээрэлхэх гээд байдаг. Хүүхэд бол гэр бүл дотроо сул дорой, хүчгүй, эрх мэдэлгүй гэдгийг мэдчихвэл хүүхдийн үгэнд орно гэж бараг л байхгүй. Тиймээс хүүхэд нохойг сургаж, өсгөж чадахгүй. Харин ч нохойг загнах, сургах гэж оролдвол сэм хазах зэргээр их шоглуулна. Хүүхэд хазчихлаа ямар арга хэмжээ авах вэ гэдэг пост хаа сайгүй байгааг та анзаарёан байх аа.
5. Хүүхдийн дархлаа хангалттай сайн биш бол үс ноосноос нь амархан харшилдаг. Харшил өөрөө эдгэдэггүй. За тэгээд нохойн грүпүүдээр дүүрэн хүүхэд нь нохойны харшилтай болчихлоо, нохойгоо зарна, үрчлүүлнэ, үнэгүй өгнө гэсэн онцгүй постууд их явж байгаа биз.
Ингээд үзвэл ерөнхийдөө 10аас доош насны хүүхдэд шинээр нохой тэжээх бол бага зэрэг тохиромжгүй. Та өөрөө 100% бүх зүйлийг нь хариуцнаа, өөрөө гардаж өсгөнөө гэвэл боломжтой. Мөн дор хаяж хүүхдээ 13-14 хүргэвэл нохойгоо хамтдаа арчлахад арай илүү тус дэмтэй байх болов уу гэж бодож байна. Нэг үгээр хүүхдээ жаахан харицлагатай болохыг хүлээнээ гэсэн үг.
Ингээд сайн бодож байж шийдвэрээ гаргаарай. Нохой тэжээх амархан байсан бол энэ олон нохой гудамжинд гарч, эзэндээ хаягдахгүй байсан юм шүү.
Big Lucky