05/03/2024
Мэдлэгт тань нэмэр болог хэмээн үүнийг бичиглэв.
ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ
Мал сүрэгт өвөл хаврын улиралд нэмэгдэл тэжээл олгодог. Мал бэлчээрээс өөрийн биед шаардагдах өвс, тэжээлээ бүрэн авч чадахгүй болсон тохиолдолд түүнийг нөхөх зорилгоор олгож байгаа өвс, солом, багсармал, хивэг, хорголжин гэх мэт зүйлийг нэмэгдэл тэжээл гэнэ. Мал бэлчээрээс идэж байгаа болон олгосон нэмэгдэл тэжээл нь тэжээл боловсрох замд жижиглэгдэн задарч цусанд орж, улмаар элгээр дамжин биеийн бүтэцтэй адил нэгдлүүд болон биед ашиглагдана.
Энэ нь мал тарга хүчээ алдахгүй байх, биеийн халуунаа тогтмол барих, хөдөлж явах, тэжээлийг зажилж, залгихаас эхлээд биед жижиглэгдэн орсон бодисууд хувирч өөрчлөгдөхөд ашиглагдах энергийн эх сурвалж болдог. Өвс тэжээл дутагдахад мал турж эхлэнэ. Үүнийг бид мэднэ.
Малын идэж байгаа тэжээлийн зүйл биед ийнхүү жижиглэгдэн биеийн бүтцийн хэсэг буюу өөх тос, булчин мах болох, тэр нь буцаж задран жижиг нэгдэл болох зэрэг нь биед явагдах асар олон тооны химийн урвалын үр дүнд хэрэгждэг.
Өөрөөр хэлбэл биед тасралтгүйгээр нэгдэх, задрах урвалууд явагдаж байдаг. Энэ үйл зохистой хэмжээнд явагдаж байгаа тохиолдолд мал эрүүл байна гэж ойлгож болно. Энэ урвалууд усан орчинд явагдана. Энэ нь биед ус шаардлагатай хэмжээнд байх ёстой гэсэн үг. Хэрэв ус дутагдвал эдгээр урвал бүрэн явагдахгүй ба биеийн өөхийг задалж усны хэрэгцээгээ хангана. Намар халуун газар, ус хомсдуу байх үед мал хайлна. Хайлах гэдэг нь мал өөхөө задалж ус болгон ашиглаж байгаа хэрэг. Мөн өвлийн улиралд ус дутагдах, биед хэрэгцээт шим тэжээл дутагдсанаас өөх болон булчин махан дахь нөөцөө ашигладаг. Үүний улмаас мал турна.
Биед явагдах эдгээр урвалууд нь өвөрмөц нэгдэл болох “фермент” хэмээх зүйлийн үйлдлийн үр дүнд хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ.
Эдгээр ферментийн найрлагын амин чухал хэсэг болон биед явагдах дээрх химийн урвалууд хэвийн явагдахад өвс, тэжээлд өчүүхэн бага хэмжээтэй боловч маш чухал үүрэг бүхий витамин эрдэс, уургийн анхдагч бүтцийн нэгдэл бүрэн хэмжээгээр агуулагдах шаардлагатай. Хэрэв эдгээр бодис өвс тэжээлд байхгүй буюу дутагдвал хичнээн хангалттай тэжээсэн ч гэсэн биед бүрэн шингэхгүй, шингэлээ ч тэдгээр нэгдлүүд байхгүй буюу дутагдах үед дээр бидний ярьсан химийн урвалууд бүрэн явагдахгүй болдог. Үүний улмаас идсэн өвс тэжээл бүрэн шингэхгүй, шингэлээч химийн урвал дутуу явагдснаас биеийн бодсын солилцоо хямарч өвчлөх, улмаар үхэлд ч хүрч болох шалтгаанууд бий болно.
Үүнийг нөхөх зорилгоор тэжээлд өчүүхэн бага хэмжээтэй хольж олгодог эрдэс, витамин, биед үүсэж бий болдоггүй тэжээлтэй заавал авах шаардлагатай үл орлогдох амин хүчил хэмээх нэгдлүүд агуулсан бэлдмэлийг ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТ гэнэ.
Бэлчээрийн өвс хатаж гандсан, хомсдсон өвөл хаврын улиралд нэмэгдэл тэжээл зайлшгүй олгох, түүндээ тэжээлийн нэмэлт нэмэх шаардлага үүнтэй холбоотой.