Бид амьтанд хайртай

Бид амьтанд хайртай Амьтдын амьдралын хэв маяг, сонин хачинг өгүүлсэн зурагт тайлбар
(1)

Нарийн бичгийн дарга шувуу.Птица секратарь (Sagittarius serpentarius). Энэхүү үзэсгэлэн төгөлдөр шувууг 1779 онд Ж.Ф. Ми...
19/10/2023

Нарийн бичгийн дарга шувуу.
Птица секратарь (Sagittarius serpentarius). Энэхүү үзэсгэлэн төгөлдөр шувууг 1779 онд Ж.Ф. Миллер шинжлэх ухаанд бүртгүүлсэн. Анх харахдаа л шүүхийн нарийн бичгийн дарга нар хиймэл үсэндээ галууны хар өдийг тогтоодог байсантай ижил харагдсан шувуундаа "Нарийн бичгийн дарга" гэдэг нэр хайрласан. Латин нэр нь "Могойн эрлэг".
Ангилалзүй асуудалтай байсан. Дэглийнийх шиг өндөр зэгзгэр хөлнөөсөө болоод Тогоруутны багт орон алдсан. Өдрийн махчин. Шонхортоны баг. Нарийн бичгийн дарга шувууны овог, төрөл, зүйлдээ ганцаар.
Африк тивд Сахараас өмнө зүгийн нутгаар тархсан. 50 см-ээс өндөр өвс ургадаг болон ой модноос бусад нутагт амьдарч чадна. Энэ нь явгалж хоол хүнсээ хайдагтай холбоотой.
Өндөр зэгзгэр энэ шувуу 120-140 см өндөр, 4 кг жинтэй. Далавчны дэлгэц 2 м хүрдэг. Бэлгийн диморфизм багатай. Бусад өдрийн махчидаа бодвол эр нь биеэрхүү.
Их бие саарал цэнхэр туяатай өдөөр бүрхэгдсэн. Харин их биенээс сүүлрүүгээ ойртох тусам өд нь харладаг. Орооны үе болон огцом хөдөлгөөнөөр өрвийлдөх, ар дагзан дээр байх 15 см урт хар өднүүд. Бас хошуу нүүрийг тойрсон өдгүй улбар шаргал арьс, тогорууных шиг боловч хүчирхэг, богино хуруутай хөл, жижиг толгой нь энэ шувууны онцлох шинж юм аа.
Моногами. Анх харсан хүнд явган шувуу шиг санагдана. Орооны үе болон модон дээрхи үүрлүүгээ очих гэж л ниснэ. Нисэж байхдаа ан гөрөө анзаарахгүй. Өдөрт 30 гаруй км явган явна. 40-50км/кв нутаг дэвсгэрийг өөртөө эзэмшинэ. Хүн ойртвол явган холдохыг чухалчилна. Ойртолт нэмэгдвэл явганаар нилээн гүйж байж нисдэг. Нэгэнт нисчихвэл асуудалгүй. Хоолой нь их сонин. Араатан амьтан архирч байгаа юм шиг сонин дуу гаргадаг. Өдрийн идэвхитэй. Шөнө модон дээр хоноглоно.
Идэш тэжээлийн хувьд супер махчин. Царцаанаас эхлүүлээд жижиг нугалмайтан болох гүрвэл, яст мэлхий, шувуу, могой, мэрэгч бүр үчимбэрийн зулзага хүртэл бариад идчихдэг аж. Могой барихдаа сурамгай. Хүчирхэг хумстай хөлөөрөө могойг хоёр гурав дэвсээд алчихдаг. Могойд ойртоод харагдах барааны газар зиг заг маягаар гүйж анхааралыг нь алдуулна. Нэг далавчаа хамгаалалт бамбай болгон ашигладаг гэнэ. Яст мэлхийний хуягыг цоо дэвсдэг гэж байгаа. Судлаачид нас бие гүйцсэн шувууны гүеэнээс могой-3, гүрвэл-4, яст мэлхий -21? ширхэгийг олсон байдаг. Хуурай цаг агаартай үед саваннад гарсан галаас бүгд зугатаж байхад манай шувуу зугтагчидыг тосон барихаас гадна шатсан газар хүртэл очиж түлэгдэж үхсэн амьтадаар хооллодог.
Борооны улиралд ороо эхлэнэ. 3 насанд бэлгэ боловсорно. Эрэгчин нь эмэгчиндээ таалагдахын тулд хахирган дуугаа дуулж, далавчаа дэвэн гоёмсогоор бүжиглэдэг. Нэгэнт хосолсон бол насан туршдаа цуг байна. Саванагын өндөр биш өргөст мод олж аван дээр нь 1,5 м диаметртэй аварга үүрээ мөчир шавраар барьдаг аж. 75*55 мм хэмжээтэй, цайвар цэнхэр өнгөтэй 1-3 ширхэг өндгийг 2-3 хоногийн зайтай төрүүлнэ. Ойролцоогоор 45 хоног өндгөө дарна. Шинэ төрсөн дэгдээхэйнүүдэд хэрээ, бүргэд, шар шувуу дайсагнана. Бабуин сармагчин санаархах боловч дороос нь авирахын эцэсгүй өргөстэй модыг эцэг эх нь сонгосон байдаг аж. Бас нэг аймар дайсан бол нарны төөнөх илч. Эцэг эх нь хагас боловсруулсан гулгидасаас гадна ус авчирч өгдөг. хэдийгээр 3 хүртлэх тооны өндөг хагардаг ч хоол тэжээлийн хомсдолоос болоод дэгдээхэйнүүд нэгнийгээ түлхэх санаа гаргадаг. Энэ бүхий л нөлөөлөлөөс болоод нэг л дэгдээхэй өсөж том болдог аж. Хэрэв дэгдээхэй цагаасаа өмнө (65-80 хоног) нисэх гэж оролдоод модноос унавал эцэг эх нь дагаж бууж бойжуулна.
Могойны эрлэг болохоор нь хүмүүс фермдээ тэжээх их дуртай байдаг. ӨАБНУ болон Судан улсын төрийн сүлдэнд энэ шувууны дүрс байдаг. Хүний гарт 14-18 жил наслана. ДБХХ-ны Улаан номонд бүртгэлтэй. Bold Ch.

Далайн заан.Далайн заан буюу (Mirounga). Хөхтөний ангийн Сэлүүр хөлтөний багийн Жинхэнэ хавын төрөлд багтдаг энэ аварга ...
14/10/2023

Далайн заан.

Далайн заан буюу (Mirounga). Хөхтөний ангийн Сэлүүр хөлтөний багийн Жинхэнэ хавын төрөлд багтдаг энэ аварга амьтан дотроо хоёр зүйлтэй. Умардын далайн заан ба Өмнөдийн далайн заан (Miruonga. Leonina) гэж.
Умардынх нь Мексикээс Канадын Ванкувер хүртлэх далайн эргээр тархсан. Өмнөдийн төлөөлөгчид дэлхийн өмнөд хагасаар жигдхэн тархсан.
Умардын далайн заан өмнөдийн төрөлөөсөө арай жижиг. бас хамар нь урт том болдоггүй.
Гадна төрх нь бусад сэлүүр хөлтөнгүүдээсээ бараг ялгаа үгүй. Маш цуллаг, зузаан. Мөчид нь сэлүүр болон хувирсан. Үсгүй зузаан арьстай. Хүрэн бор- сааралдуу өнгөтэй. Биеийн хэлбэр бусадтайгаа адил тропед маягын. Том бор нүдтэй. Заан хэмээн онцолсоны шалтгаан болсон хамар нь зөвхөн 8-с дээш настай эрэгчинд ургалт нь түргэсэж унжиж эхэлдэг. Ялангуяа орооны үед хамрийн хөндий цусаар дүүрч 60-80 см урт монцгор болдог.
Баг дотроо хамгийн том нь. Өмнөдийн далайн зааны эр бодгалийн урт нь 5,5 метр, жин нь 2,5-3,5 тонн татдаг. Эмийнх нь урт 3,5 метр, жин нь 600-900 кг хүрдэг харьцангуй жижигхэн аж. 1913 онд 6,5 м урт 5,5 тонн жинтэй аварга амьтан олдсон гэнэ.
Орооны л үе биш бол ганцаар амьдрана. Газар дээр маш болхи мөртөө усан дотор 5-10 км/цаг сэлдэг. Жилийн 10 сарыг усанд өнгөрөөнө. Тэгэхдээ 13000 км сэлдэг. Усанд унтдаг. 1400 метрийн гүн хүртэл шумбана. Далайн усанд 90 минут амьсгалаа түгжиж чаддаг. Шумбаж байхдаа зүрхний цохилт нь гадаргуу дээр байхаас 10 дахин бага цохилдог. Хүчилтөрөгчийг маш бага зарцуулдаг тулдаа ийм удаан шумбаж чаддаг ажээ. Судлаачид 4,06 м урт эрэгчинг судлаж үзсэн гэнэ. Жин нь 1980 кг байсны 34% нь өөх байв. Мах 21%, арьс 6%, яс 15%, цус 20% байж. Хүний биеийн жингийн 7%-г цус эзэлдэг гэхээр гайхмаар үзүүлэлт байгаа биз? 5 тн жинтэй эрэгчинд 1 тн цус ноогдох нь. Америкийн судлаачид далайн зааны цусанд маш их СО байгааг илрүүлсэн. Энэ нь усанд удаан шумбахад зайлшгүй үүсдэг гипоксигын нөлөөллөлөөс өөрсдийгөө хамгаалдаг байж магадгүй хэмээн үзсэн.
Идэш тэжээлийн хувьд бол супер махчин. Толгой хөлтөн, нялцгай биетэн болон загасаар хооллоно. Ходоодноос нь чулуу гардаг. Энэ нь хоол тэжээлийг нунтаглах, тэнцвэр хадгалахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Бэлгийн бойжилт эрэгчинд 4-5 насанд эхлэх боловч 8-9 насанд л боломж гардаг гэж үздэг. Учир нь тийм идэр залуу эрэгчин 8-9 настангуудад дэндүү балчир харагддаг. Идэр залуу заанууд орооны үед эрэг рүү ойртох ч үгүй. 8-9 сард ороо хөөцөө эхлэнэ. Нас бие гүйцсэн далайн заанууд эрэг дээр хэдэн арван мянгаараа цугларч, эрэгчингүүд нь өөрсдийн хүрээлэлдээ аль болох олон эмэгчинг оруулахын төлөө тулалдана. Эхлээд эрэгчингүүд том хамрын хэргийг гаргаж бүрээдэн дуугарч эмэгчингээ өөртөө татна. Дараа нь өрсөлдөөн хурцдаж тулаан болно. Энэ тулалдаанд аль нэг нь зугатахгүй бол үхлээр ч төгсөж магадгүй. Улайрсан эрэгчингүүд эхтэйгээ цуг байгаа ноднин жилийн зулзагануудаа хүртэл дайраад, дараад алчих нь энгийн үзэгдэл. Анх эрэг дээр цугларахад хүйсийн харьцаа 1/20 байдаг. Тулаанд ялаад өөрийн хүрээлэлийн эмэгчингүүдээ нэмээд л байвал 1/100 ч болж болно. Хэдий олон эмэгчинтэй байх тусам төдий чинээ ажил нэмэгдэх нь тодорхой. Бүгдэд хүртээмжтэй байхаас гадна бусад дэл сул "илүү харж билүү долоогчид"-оос эмэгчингүүдээ харамлаж эргэж тойрч байх хэрэгтэй. Гэхдээ үржилийн үед хоол иддэггүй эрчүүл энэ маягаар 3 сар болбол өлсөж үхнэ.
Нэгэнт хээл авсан эмэгчин 11 сарын дараа 80-100 см урт, 20-30 кг жинтэй, хар үсээр бүрхэгдсэн, нүдээ нээсэн ганц зулзага төрүүлдэг. 2 сарын дараа үс нь гууждаг. Эхийн сүү 50% тослог байдаг. Сар гаруй л сүүгээ хөхнө.
Байгаль дээр цагаан аварга загас, хуйлаг буюу косатка л дайсагнана. 19-р зуунд зузаан өөхөн давхрагаас нь болоод бараг устган алдсан. Өмнөдийн далайн заан харин хүний нийгмээс хол оршдог болохоор арай гайгүй 600000 гаруй бий. Харин умардын далайн хав 13000 орчим бий. Хүнээс айдагүй. Азаар хүнийг идэш гэж хардаггүй.
Байгаль дээр эрэгчин 13 орчим жил амьдрана. Харин эмэгчин 22 жил амьдрана. Bold Ch.

Сэлүүр хөлтөнүүд.Pinnipedia. Далайн хөхтөнүүдийн нэг хэсэг нь. 30 сая жилийн өмнөөс хуурай газраас усруу орсон.Дотроо Чи...
21/03/2023

Сэлүүр хөлтөнүүд.
Pinnipedia. Далайн хөхтөнүүдийн нэг хэсэг нь. 30 сая жилийн өмнөөс хуурай газраас усруу орсон.
Дотроо Чихт хав, Жинхэнэ хав, Морж гэсэн 3 төрөл, 30 аад зүйлтэй.
Биеийн хэмжээ нь харьцангуй ойр. Хамгийн жижиг нь болох Калан нь 1.5 м урт. 30-50 кг. Харин хамгийн том Далайн заан нь 6 м урт, 4 тн жинтэй байдаг.
Цөөхөн төрөл зүйл далайн чирвэс гэх мэт сэлүүр хөлтөнүүд нь бусад халуун цустан болох төрөл зүйлтэнгээ болон шувуу, загас, хавч, толгой хөлтөнгөөр хооллоно. Бие томтой, олон тоогоор сүрэглэдэг болон хөдөлгөөн хязгаарлагдмал, мах өөх, үнэт арьс үс зэргээс нь болж сүүлийн 200 жилд 25 сая тоо толгой сэлүүр хөлтөнг хядсан тооцоо байдаг.
Сэлүүр хөлтөнгүүд хуурай газар удаан мөлхдөгийнхөө эсрэг усан дотор маш хурдан 27-32 км\цаг хурдтай сэлдэг.
Уэделлийн хав нь усан дор 70 минутын хугацаанд 600 м гүнд шумбаж байсан байна.
Нийт зүйлийн тал нь устаж алга болох эрсдэлтэй гэжээ. Bold Ch

Коала буюу уутат баавгай.(Phascolarctos cinepeus) гэдэг нь грек болон латин хэлний нийлбэр юм. Монголчилбол Үнсэн өнгөт ...
30/11/2022

Коала буюу уутат баавгай.
(Phascolarctos cinepeus) гэдэг нь грек болон латин хэлний нийлбэр юм. Монголчилбол Үнсэн өнгөт уутат баавгай гэсэн үг.
Харин Коала нь Шинэ өмнөд Уэльсийн овгийн хэлэнд байдаг "уудаггүй" гэсэн үг гэнэ.
Энэ хөөрхөн чихмэл тоглоом шиг амьтан ганцхан Зүүн болон Зүүн өмнөд Австрали болон эрэг дагуух хэдэн аралд л тархсан уутат хөхтөний нэгэн төрөл зүйл юм. Морфологийн хувьд Вомбаттай ойр. Хоёр дэдзүйлтэй гэдэг боловч батлаагүй..
Биеийн хэмжээ дунд зэрэг. 85 см урт, 15 хүртлэх кг жинтэй. Харин эрмэл коала нь хагас тн жинтэй, 28 дахин том байсан гэж үздэг. Эрэгчин нь эмэгчингээсээ арай том.
Өнгө нь үнслэг саарал, маш зөөлөн, маш нягт 2.5 см урт үсэн бүрхүүлээр хучигдсан. Ямарч ширүүн бороонд норж нэвтрэхгүй, халуун наранд ч арьс нь түлэгдэхгүй. Том сэгсгэр чих, харьцангуй жижиг нүд нүүрэнд нь содон харагдах хархан хамартай. Богинохон сүүлтэй. 4 мөч гайгүй урт харагддаг. Урд мөч нь 5 хуруутай. Харин хоёр эрхий хуруутай мэт харагддаг. Энэ нь байнга модонд авирч мөчрөөс зүүгдэхэд нь найдвартай. Хойд мөч мөн адил 5 хуруутайч сондгой эрхий хуруу нь хумсгүй. Нэг сонин гэвэл приматууд болон хүнтэй адилхан хурууны хээтэй, тэр хээ нь давхцдаггүй ганц хөхтөн.
Нээгдсэн түүх нь сонин. Колончлогчид зүүн эргийг нягт самнан судласан боловч 30 жилийн дараа 1798 онд л аман мэдээ сонсогдож, 1802 онд анхны арьс судлаачдад олдсон. Тухайн үед ногоон тив маань Их Британын шорон, цөллөгийн үүрэг гүйцэтгэж байсан болохоор ялтангууд дунд шинэ зүйлийг судлах судлаач тийм амар олдоогүй байх магадлалтай.
Шөнийн идэвхтэй. Идэвхтэй гэснээс амьдралын хэмнэл маш уйтгартай харагддаг. Модон дээр л бүх насаа өнгөрөөнө. Идэшээ хайж эсвэл орооны үе болохоор эмэгчиндээ дөхөх л гэж модноосоо түр бууна. Моногами. Хараа муу ч сонсгол, үнэрлэх мэдрэмж сайн. Навчыг нэг л долоогоод хоруу чанарын хэмжээг алдалгүй мэддэг. Харахад хөдөлгөөн муутай залхуу харагддаг ч ойрхон зайнд 50км/цагийн хурд үзүүлнэ. Нэг модноос нөгөө модруу ойрхон үсэрч чадна. Усанд сайн сэлнэ. Айсан, өвчтэй үедээ хүүхэд уйлж байгаа юм шиг дуу гаргадаг.
Идэш тэжээлийн хувьд бусад өвсөн тэжээлтэнүүдэд хор болох боломжтой эвкалилт модны навч, найлзуураар хооллодог. Тэр навч нь маш хортойн хажуугаар илчлэг гэж бараг байхгүй шахуу тул бүтэн өдрийн 20 цагт нь 05-1 кг навч хивдэг. Тийм болохоор коалагын бодисын солилцоо маш удаан. Бас энэ ядмагхан хоолноос болоод коалагын тархи нийт биеийн жингийн 02%-г эзлэдэг. Энэ нь 10 кг жинтэй бодгалийн тархи 20 грамм гэсэн үг . Австралид Эвкалипт модны 800 гаруй зүйл ургадагаас хоруу чанар багатай 120 зүйл нь коалагын хоолны цэсэнд ордог. Ингээд ганцхан Австрали тивд л ургадаг ганцхан төрлийн модноос хамааралтай тул бусад улсын амьтны хүрээлэнд хязгаарлагдмал тоотой байдаг аж. Ус бараг уудаггүй. Өвчтэй юм уу? эсвэл түймэрт өртсөн үедээ ус уудаг.
Өвчинд их өртөмтгий. Бидний мэдэх цистит, хламид... гэх мэт өвчин их байдаг.
4 насанд бэлгэ боловсордог. Жилдээ 1-2 удаа ороо ордог. Эр бодгаль ховор талдаа тул үржлийн насны нэг эрэгчинд 3-4 эмэгчин ноогдоно. Орооны үед эрчүүл их догшин болж өрсөлдөгчөө модноос түлхэн унагатал зодолддог. Орооны үеийн эрчүүлийн уриа 1 км-н цаанаас сонсддог гэнэ. Бас нэг сонин гэвэл эрэгчин коалагын пенис хоёр салаа байдаг. Харин эмэгчин ууттангууд хоёр үтрээтэй байдаг. Хээлээ 35 хүртэл хоног тээж голдуу ганц, ховорхон ихэр зулзага төрүүлнэ. Бяцхан коала нь 5,5 гр жинтэй, 15-18 мм урт байдаг. Улаан нялзрай амьтан эхийнхээ уруу харсан уутруу мөлхөн орж хөхнөөс зүүгддэг. Эх нь хөхний булчингаа чангалж суллан хөхүүлнэ. 6 сар хөхсөний эцэст 18 см урттай болсон зулзага уутнаас гарч эхийн энгэр, нуруунд зүүгддэг. Одоо харин зулзага "бор хоолонд" орно. Тэр нь эхийн ялгадас болох хоргол юм. Учир нь зулзаганд хортой навчыг боловсруулах тусгай микрофлор уг хорголоор л дамжин хоол боловсруулах системийг дасгадаг гэнэ. Энд нэг сонин юм гэвэл Коала хөхтөн амьтадын дунд биеийн хэмжээтэй харьцуулбал хамгийн урт 2,4 м нарийн гэдэстэй амьтан. Ингээд 1 ой хүрч байж жинхэнэ навчаа идэж эхлэнэ.
Байгаль дээр Коалад дайсан байхгүй шахуу. Динго л газраар явах үед нь гоочилж магадгүй. Гал түймэрт их өртдөг. Коала зугатахаа мэддэггүй. Модоо тас тэврээд л... 2020 онын их түймэрээр тус тивийн нийт коалагын 1/4 нь устсан гашуун мэдээ байдаг. Анх нээгдсэнээс нь хойш сая саяар нь л зөөлөн тансаг арьсанд нь болж агнадаг байсан. 1927 онд 10000 анчин 600000 арьс бэлдэж байсан баримт бий. Хамаагүй их агнасанаас болж устах дөхсөн тул хамгаалалтанд авж ойролцоох арлуудад нутгашуулсан нь ашиг тусаа өгч нутгийн захиргаанаас агнах зөвшөөрөл дээд удирдлагадаа явуулж байв. Гэвч ногоон тивд ирсэн жуулчидын 60% нь коалаг харахыг хүсдэг судалгаа байдаг тул энэ асуудал дээр их болгоомжтой ханддаг.
Байгаль дээр 10 гаруй жил наслана. Харин зоопаркд 18 жил амьдарсан.
Агнахыг хориглодог. Монгол хэл дээр анх удаа. Bold Ch.

Панарын Мангасан-чирвэс.Энэ бол XX зууны эхэн үед тухайн үеийн Британийн-Энэтхэгт болсон үйл явдал юм.Өмнө нь би энэ бүл...
02/06/2022

Панарын Мангасан-чирвэс.

Энэ бол XX зууны эхэн үед тухайн үеийн Британийн-Энэтхэгт болсон үйл явдал юм.
Өмнө нь би энэ бүлгэмдээ 126 хүний аминд хүрсэн Рудрапараяагын чирвэс болон 434 хүний аминд хүрсэн Чампаватын алуурчин барын талаар бяцхан түүх бичиж байсан. Энэ бүхнийг нуршихын учир Энэтхэгт яагаад хүний махан хоолонд дурлагчид ихээр гарч ирэх болов гэдэг асуулт гарч ирнэ. Энэ ийм учиртай аж.
1-рт. Энэтхэгт тухайн үед 600 сая гаруй хүн амьдарч байсан.
2-рт. Зуун жилийн өмнө 100 000 бар амьдарч байв. Чирвэс ч бас их хэмжээгээр байсан биз.
3-рт. 1900 онын ихээр тухайн бүс нутагт холер өвчин гарч маш их хүн үхэж, хүн амын эрүүл мэнд ихэд доройтсон байдаг.
4-рт. Оршуулгын зан үйл ч их нөлөөтэй байж. Бүрлээчидээ чандарладаг ард түмний ядуу давхрага аргагүйн улмаас талийгчийн аманд халуун цог хийн, өндөр уулнаас түлхэж оршуулах ёслол үйлддэг байсан нь:
5-рт. Ямарваа нэгэн бослого хөдөлгөөнөөс сэргийлж ард олныг буу эзэмшихийг хориглож байснаас.
6-рт Муу зэвсэгтэй, туршлага муутай хулгайн анчинын бүтэлгүй оролдлогоос болж амин бус газраа хүн шарх авсан араатан эдгэхдээ хамгийн хялбар олз болох хүнийг сонгодог.
Хоол тэжээлийн хомсдол гэх мэт хүчин зүйлээс болж мангасан араатнууд бий болдог ажээ.
Одоо гол сэдэвдээ оръё.
Алдарт анчин Жим Корбетт 1907 онд Уттаракранд мужын Кумаон дүүрэгт Чамапаватын алуурчин хатагтай хэмээх барыг устгахаар хөөцөлдөж явах үедээ тухайн мужын Алмор дүүрэгт хожимоо Панарын хэмээн хочлогдох болсон мангасан-чирвэсийн тухай анх дуулжээ. Корбетт зорьсон ангаа хийсний дараа хэдэн 7 хоногийн дараа ирж агнана гэсэн боловч өөр илүү онц ноцтой бас нэг мангасан-бартай хөөцөлдөн саатжээ.
Ингээд 1910 онын 4-сард алдарт анчин албан ёсоор Алморийн Санулид ирэв.
Ирэх өдрийнх өмнөх шөнө тосгонд гэртээ хаалгаа онгойлгон унтаж байсан эхнэр нөхөр хоёрлуу чирвэс дайрчээ. Гэрт сэмхэн орж ирсэн чирвэс эхнэрийнх нь хоолойноос зуун чирэхэд эхнэр самбаачлан нөхрийнхөө бугуйнаас татаж амжжээ. 22 настай хархүү 18 настай бүсгүйнхээ гарнаас нэг гараараа чангаан нөгөө гараараа хаалганаасаа зуурч байтал чирвэс зуултаа баталгаатай болгох гэж бүсгүйн хөхөнд хумсаа шигтгэн хүч нэмсэн байна. Дараа нь ямар нэгэн азаар чирвэс зуултаа тавих хооронд залуу эхнэрээ гэртээ оруулан хаалгаа хааж амжжээ. Шөнөжингөө чирвэс хаалга самардах чимээн дор чичирч байсан залуу өглөө болонгуут тусламж дуудахаар ойрхон гарч гүйхдээ Корбетт ирж явааг мэдэж. Ингээд тэр шөнө шархдсан бүсгүйг "амьд өгөөш" болгон нөхөртэй нь үлдээгээд анчин гэрийн гадаах модон дээр отолт хийсэн боловч бүтэлгүйтжээ. Ингээд хэдэн хоног бүтэлгүй отолт хийсний дараа анчин маань нутаг буцав.
Дараа 9-сард даагаа нэхэхээр Алморт буцан ирлээ. Нутгийн ардуудаас хоёр ямаа худалдан авж, 4 сард залуу бүсгүйг "барьсан" чирвэсийн мөрийг нягтлан хайж олсон жим дээрээ уяжээ. Хажуудах өндөр царс модонд өөртөө тохирсон суудал бэлдэж, өөрийгөө модтой бэхлэн уяад, чирвэсийг өөрлүү нь модруу авируулахгүй хэмээн сэтгэж хурц өргөстэй мөчрийг модны ёроолын нүцгэн хэсгээр бэхлэн уяулж өөрийгөө хамгаалсан нь хожим амийг нь аварсан байна. Харанхуй болж өөрт нь туслаж байсан тосгоныхон буцсаны дараа анчинг зүүрмэлэж байтал шөнө дунд өгөөш болох ямаанууд майлалдаж эхлэн анчин сэрэв. Харин чирвэс ямааг биш модон дээр байрласан анчинг илүү "сонирхсон" аж. Өргөстэй мөчир бэхлээгүй бол зөвхөн өгөөш болох ямааны орчин тойронд тааруулж бэхэлж уяулсан анчин амархан олз болох байснаа хожим зохиолдоо тод томруун бичсэн байдаг. Ингэж бүтэлгүй оролдлогоосоо залхсан чирвэс ямааруу дөхөн дайрахад айдсаасаа дөнгөж салсан анчинд бараг таамгаар шахуу буудсан боловч сум шархдуулсан байна. Ингээд буун дуу сонсон тосгоны эрчүүл бамбар барин яаран ирцгээв. Мань анчингын доор бэхэлсэн мөчрүүдийг зайлуулан, дээш авиран уяандаа хөшсөн анчинг бараг өргөж буулгалаа. Чирвэс оногдсоныг дуулаад хөөрсөн эрчүүл анчинд үргэлжилүүлэн мөрдөх санал болгож:
-Бид олуул, Та зэвсэгтэй.
Анчин хариуд нь:
-Та нар чирвэс харангуутаа зугатаж, намайг ганцаар орхихгүй гэвэл болж байна.
Тэд нар бүгд амлаж, бамбараа шинээр цэнэглэж аажимаар урагшлаж эхлэв.
Гэнэт ирвэс үсрэн гарч ирэв. Аймшигтай архирах араатны харсан эрчүүл ум хумгүй эргэн зугатахдаа мөргөлдөн, бүдчиж хэдэн бамбар газар унав. Энэ чөлөөнд самбаачилан нэг сум чирвэсийн цээжинд шигтгэж амжлаа хэмээн алдарт анчин Жим Корбетт бичжээ. Алагдсан чирвэсийн арьсыг өвчиж байхдаа азгүй тэр араатанг бага залуу байхад нь хулгайн анчидын сум эрүүнд нь онож зуулт нь хүчгүй болсон байсныг мэджээ. Тийм болоод хялбар олз болох хүнийг сонгосон, бас залуу хархүү эхнэрээ чирвэсийн амнаас чөлөөлж чадсаны нууц тэр байжээ.
Тэр өдрөөс хойш Санулигын иргэд амар амгалан унтдаг болов.
Энэ араатан 400? гаруй хүн хөнөөсөн. Гэвч 126 хүн хөнөөсөн Рудрапараяагын чирвэсээс дуулиан багатай. Учир нь Рудрапараяагын чирвэс 60 000 мөргөлчид хөлхөж байдаг "их замын дээрэмчин" байсан болохоор дэлхий нийтэд зард гарсан байна.
Чирвэс бараас илүү айхавтар хөнөөлтэй бололтой. Учир нь илүү жижиг, шаламгай, нууцлаг, модонд маш сайн авирдаг. Гол нь хүнийг ан хэмээн хардаг. 1.5 сая жилийн өмнөх хүний ясанд чирвэсний соёоны ором нилээн олддог гэнэ. Монгол хэлээр анх удаа. Bold Ch.

11/05/2021

Аварга загас буюу Дулан загасны шүд...
Дулан загасанд 5-6 үе, 15 эгнээ гурвалжин хэлбэртэй хэдэн зуун шүд бий. Сахлын хутга шиг иртэй шүд нь амны хөндийгөөс гадагшаа чиглэлтэй урсгалаар нөхөгдөн ургаж байдаг.
Дулан загас 10 насыг зооглоход аль хэдийнээ 24000 дахь шүд ургасан байдгыг тооцоолсон.
Хэдийгээр мөгөөрст загас ч гэсэн маш хүчирхэг эрүүтэй.
Хазалт нь 18тн-той тэнцдэг. Энэ нь дундаж хэмжээний аврага загас нь далайн гахай болон далайн яст мэлхийг тэхий голоор нь тас хазах хүч юм. Дулан загас нь махчин гэдгийг бүгд л мэддэг. Тэр өөрийн бүхий боломжоо дайчлан ан хийдэг. Загас, яст мэлхий, далайн сүүгээр бойжигчид болон шувууд, өөрийн төрөл зүйлийн дулан загас бүр нэг удаа Кени улсын усан эрэгт заанлуу дайрсан тохиолдол бүртгэгдсэн байдаг гэнэ.Цагаан дулан загасны ходоодонд бүтэн адуу өлхөн багтдаг. Бас нэг бар дулан загасны ходоодноос матарны толгойтойгоо цээжин бие, хонины гуя, 3ш цахлай, 2кг-аар савалсан ногоон вандуй, төмөр лаазтай тамхи гарсан байна... үргэлжлэл байгаа. Bold Ch

ТарсиерДолгопят буюу (Tarsius) нь Приматын баг, хагас-мичний овог. Зарим судлаачид Приматын дэд баг ч гэж үздэг. Тарсиер...
19/04/2021

Тарсиер
Долгопят буюу (Tarsius) нь Приматын баг, хагас-мичний овог. Зарим судлаачид Приматын дэд баг ч гэж үздэг. Тарсиер төрөлдөө Филиппины, Барууны, Хий үзэгдэлийн гэсэн 3 зүйл, 12 дэдзүйлтэй.
Тархац нутаг нь Филиппин, Калминтан, Сулавеси, Суматра болон бусад ойролцоох арлууд.
Биеийн хэмжээгээр хамгийн одой мичнүүдтэй өрсөлдөнө. Биеийн урт нь 6-16 см. Үсэрхэг сүүл нь харин харьцангуй урт. 13-27 см хүрдэг. Жин нь 90-160 гр.
Их биеэндээ томдсон том толгой, бүр том нүдтэй. Хойд мөч нь урт, хуруунууд нь урт нарийхан, үзүүр нь бамбагар зөөлөн хөхөлтэй. Энэ бамбагар хөхөл нь мөчирнөөс зүүгдэж байхад хөхөлт болж хамгаалдаг.
Том бөөрөнхий, үсгүй чих сонсгол нь маш сайн. Хөхтөн амьтадын дунд ганцаар хэт авиаг сонсож, хариу өгж чаддаг. 90 кГц хүртлэх давтамжтай авиаг сонсож, 70 кГц давтамжтайгаар хашгирч чаддаг гэнэ ээ.
Одоо том нүдний тухай: 100 мм орчим биетэй бодгалийн нүдний диаметр нь 16 мм хэмжээтэй байна. Энэ нь жирийн хүний нүд алим шиг том байна гэсэн үг. Нүд нь нүүрнийхээ эгц урдаа, гавлын ясанд бэхлэгдсэн байдаг тул аягандаа эргэлдэх хөдөлгөөн байдаггүй. Энэ дутагдалаа нөхөөд толгой нь хааш хаашаагаа бараг 180° хэм эргэх чадвартай байдаг. Энэ том шар нүд нь шөнө гэрэлтдэг гэнэ.
Эр эм бодгалиуд нэг их айхавтар ялгаагүй.
Шөнийн идэвхтэй. Өдрийн цагаар сүүдэрт нуугдаж өнгөрөөнө. Дархан цаазтай газар бяцхан бүлээр амьдардаг мөртөө энгийн газар нутагт ганцаар юм уу хосоор л амьдрана. Модонд маш сайн авирна. 1 метр зайтай үсэрч чаддаг. Зарим мэдээлэл дээр биеийн уртаас 40 дахин?? урт үсэрдэг хэмээн бичсэн байна. Яг л царцаа, мэлхий шиг хойд хөлөөрөө огцом түлхэлт хийдэг.
Хоол тэжээлийн хувьд их сонирхолтой. Баг дотроо ганцаар махчин. Үндсэн хоол нь янз бүрийн шавьж бөгөөд жижиг шувуу, хөхтөн ч бас хоолны цэсэнд нь багтдаг. Нуувчнаас олзруугаа үсрэн барьж авна. Өдөрт биеийн жингийн 10%-тай тэнцэх хоол иднэ.
Он солигдох үетэй үржлийн үе нь давхцдаг. Тэр үед хосууд харагддаг. Хээл тээх хугацаа харьцангуй урт 6 сар. 25 гр жинтэй ганц монш төрүүлж, 1 сар л хөхүүлээд бор хоолонд оруулдаг гэнэ. Нэг нас хүрээд бэлгэ боловсордог.
Байгаль дээрхи дайсан нь шөнийн махчин шувууд болон маханд нь дурладаг хүн. Зарим нутагт толгойгоо 180° хэм эргүүлж буй тарсиерийг харсан нутгийн индианууд өөрсдөд нь ийм хувь зохиол таарна хэмээн сэжиглэдэг. Зарим нутагт хэмээн нэрийддэг байх нь.
Хүний гарт болон амьтны хүрээлэнд тэжээгддэггүй. Маш их бачимдаж торонд гацаж, орооцолдож үхдэг гэнэ.
Байгаль дээр 13 насладаг. Bold Ch.

Английн алдарт Ригби энд Ко компанийн Ригби 275 гэдэг карабин буу. 1907 онд энэ буугаар алдар суут анчин, байгаль судлаа...
14/04/2021

Английн алдарт Ригби энд Ко компанийн Ригби 275 гэдэг карабин буу. 1907 онд энэ буугаар алдар суут анчин, байгаль судлаач, зохиолч Жим Корбетт "Чампаватын эмэгчин" хэмээх хочтой мангасан барыг буудан устгажээ. (Ер нь энэ буугаараа буудаж устгасан 14! мангасан-бар, 19! мангасан-чирвэсийн нийт барьсан хохирогчын тоо 1200-аас их болсон байдаг). Энэ явдлаас хойш буу үйлдвэрлэсэн компани, буу хоёрын нэр хүнд асар дээшилсэн. Хожим компани яг ижил загварын 100 ширхэг бууг тусгайлан үйлдвэрлэж олсон орлогоо Корбеттын нэрэмжит дархан цаазат газар хандивласан. Дашрамд сонирхуулахад Энэтхэг улсад Корбеттийг ариун бурхантай зүйрлэн шүтдэг гэнэ. Bold Ch.

Ламантин.(Trichechus) буюу Манат хэмээн нэрлэдэг. Монголчууд Сиренийн овгийн эдгээр амьтадыг ерөнхийд нь устаж алга болс...
01/04/2021

Ламантин.
(Trichechus) буюу Манат хэмээн нэрлэдэг. Монголчууд Сиренийн овгийн эдгээр амьтадыг ерөнхийд нь устаж алга болсон Стеллерийн үнээний нэрээр Тэнгисийн үнээ хэмээн нэрлэдэг. Зүйлдээ багавтар ялгаатай, газар нутгийн хувьд ялгаатай 3 дэдзүйл байдаг.
4 хөлөөрөө алхаж явдаг байсан хуурай газрын хөхтөн ойролцоогоор 60 сая жилийн өмнө тэнгисийн дулаахан усанд оржээ. Морфологийн хувьд усанд цуг шахуу амьдардаг сэлүүр хөлтөнгүүд болон халимнуудаас тэс өөр. Харин хуурай газрын заантай илүү ойр төрөл.
Биеийн урт нь 5 м. Жин нь 550 кг хүрдэг.
Тархац нутаг нь Америк, Африк тивийн экваторын бүстэй ойролцоо халуун дулаан бүс нутгийн тэнгисийн эрэг хөвөө даган амьдрана. Бас Амазонкад.
Биеийн хэлбэр. Ээрүүл хэлбэрийн бие галбиртай. Зузаан арьсан дор өөхөн давхрага маш бага тул эргийн гүехэн дулаахан ус бараадаж амьдрана. Урд мөч нь сэлүүр болон хувирсан боловч хумсны хэлбэр үлдэц ажиглагддаг. Усан дотор дажгүй мөлхөж чаддаг. Хойд мөч байхгүй болж сүүл нь бөөрөнхий хавтгай хэлбэртэй болж хөгжсөн. нүд жижигхэн бөөрөнхий. Гадна чих ил харагдахгүй боловч дотоод чихны яс байдаг. Сонсгол сайн.
Нэг сонирхолтой зүйл бол бусад хөхтөнөөс хүзүүний үе нэг нугаламаар дутуу буюу 6 үе хүзүүтэй. Ийм учраас хүзүү эргүүлнэ гэж байхгүй. Заавал бүтэн биеэр эргэж хардаг.
Өөр бас нэг сонин зүйл бол маш жижигхэн зүрх нь. Биеийн жингээс нь 1000 дахин бага байдаг.
Бас нэг сонирхолтой зүйл бол араа шүднүүд нь байнга шинэчлэгдэн ургаж байдаг. Урд талын шүд элэгдэн дуусахад арын шүд байрыг нь эзлэн ургаж байдаг.
15-20 тоогоор сүрэглэнэ. Хүнээс айдаггүй. Харин хүн, матар, бар дулан загас л дайсагнана. Усанд 2 минут хэртэй шумбаад амьсгаа авна. Хэрэгтэй гэж үзвэл 10 минут, бүр 16 минут амьсгаагаа түгжих боломжтой. Давст болон цэнгэг усыг сэлгэн амьдрах чадвартай.
Хоол тэжээлийн хувьд ядмаг цэстэй. Эрэг хавийн ёроолоор далайн замаг, байцаа, ургамалаар идээшилнэ. Шим тэжээл багатай хүнс тул өдрийн 11 цагт нь унтаж 13 цагт нь идээшилдэг. Нэг өдөрт биеийн жингийн 10% тай тэнцүү хоол иднэ. Тийм болохоор ходоод нь биеийн жингийн 20% хүрэхээр том байдаг. Амьтны хүрээлэнд янз бүрийн хүнсний ногоо, жимсийг цаараглахгүй иддэг. Бүр загас, хавч, нялцгай биетнйг ч голохгүй.
Хээлээ 5 сар тээж 1 м уртай, 16 кг жинтэй зулзага төрүүлдэг. Зулзагаа 18 сар хөхүүлнэ. Зулзаганы өсөлт нилээн удаан.
Энэ номхон дөлгөөн мөрөөрөө амьтан амттай махнаасаа болж хаа сайгүй ховордсон. Бас үржил маш удаан нь нөлөөлдөг. Далайруу эргэлтийн халаасан усаа асгадаг цахилгаан станцуууд их барааддаг нь үхэлд их нөлөөлдөг аж. Учир нь моторт завины сэнсэнд маш их гэмтэж бэртдэг аж.
Байгаль дээр 25-30 жил амьдарна. Харин хүний гарт 69 жил амьдарсан. Bold Ch.

Калао(Buceros). Хирс шувуу буюу хоёр эвэрт Калао хэмээх энэ шувуу нь манай Өвөөлжтэй нэг баг. Төрөл дотроо 3 зүйлтэй. Эн...
21/03/2021

Калао
(Buceros). Хирс шувуу буюу хоёр эвэрт Калао хэмээх энэ шувуу нь манай Өвөөлжтэй нэг баг. Төрөл дотроо 3 зүйлтэй. Энэтхэг болон зүүн өмнөд Азиар тархсан. Биеийн урт 120 см. Жин 3,5 кг. Хошууны урт 25-30 см. Далавчны урт 180 см.
Багахан сүрэглэдэг. Маш чанга хахирган дуутай нь том хошууны буян. Нисэж байхад хүртэл мод хөрөөдөж буй мэт дуу гаргадаг.
Инжир жимсэнд маш дуртай. Олдохгүй бол шавьж, жижиг нугалмайтан болон шувууны өндөг, ангаахай зүгээр өнгөрөөхгүй. Маш богинохон хэлтэй тул олзоо дээш шидээд уналтан дунд нь онолдуулж залгина.
Маш сайн хос. Нэг нь үхчихгүй бол насан туршдаа үнэнч. Өндөглөх дөхөхөөр модны их биеийг ухаж үүр засна. Эм шувуугаа үүрэнд ороход нь араас нь шороо, шүлс, жимсны эслэгийн холимогон зуурмагаар үүрээ битүүлнэ. Зөвхөн хошуу багтах нүх үлдээдэг. Энэ нь эх үрийн аюулгүй байдлыг хамгаалдаг. Яг үүрний доор жимсний үлдэгдэл, ялгадас зэрэг нь бяцхан овоо үүсгэдэг аж. Шувууны хууль бус бизнесс эрхлэгчид хогын овоолгыг байнга эргэдэг гэнэ. Учир нь 25 м өндрөөс унасан идэш тэжээлийн байдлаар ангаахайны насжилтыг тооцож хулгайлдаг аж.
Байгальд 15-20 насладаг. Харин хүний эрхэнд 50 хүрдэг. Bold Ch

Давидын буга буюу Милу.(Elaphurus davidianus). Энэ буга нь жинхэнэ бугын дэд овогт Лань, Аксис, Замбар, Барасинг, Лир, Т...
27/01/2021

Давидын буга буюу Милу.
(Elaphurus davidianus). Энэ буга нь жинхэнэ бугын дэд овогт Лань, Аксис, Замбар, Барасинг, Лир, Толбот буга, Халиун буга, Беломордый буюу Цагаан хошуут бугатай хамт багтдаг.
Энэ бугыг шинжлэх ухаанд бүртгэсэн түүх их сонин. 1866 онд Францын номлогч Арманд Давид хэмээх хүн Бээжингийн эзэн хааны цэцэрлэгт хүрээлэнд үзэж хараагүй сонин буга харсан байна. (Тэгэхээр мань хүн давхар судлаач байсан болж таарлаа.) Зөвхөн манжын эзэн хаан л ан хийдэг 70 км урт хэрмэн хана доторхи бугыг энгийн ардууд ч бараг мэддэгүй байж. Давидын хичээл зүтгэлийн үр дүнд 2 ширхэг арьс Англи руу илгээсэн байна. Гурван жилийн дараа бэлгэнд нилээн хэдэн буга амьдаараа Лондон болон европын бусад улсын амьтны хүрээлэнгүүдэд хүргэгдэжээ. Ингээд судлаачид Арманд Давидын хичээл зүтгэлийг үнэлэн нэрийг нь мөнхөлжээ.
1896 онд Шар мөрөн үерлэж маш их газар нутаг усанд автаж хэрмэн хана нуран унаж бүхий л буга тэр их уснаар суллагдан, зарим нь үйж, зарим нь агнагдав. Цөөн үлдсэн бугаа жаахан хямгадаж байтал 1900 онын хятадын Ихэ-тауны бослого гарч үлдсэн хэдэн буга нь дайны хөлд үрэгдээд дуусаж.
Энэ буга бусад төрлүүдээсээ нилээн өвөрмөгц. Биеийн урт 150-215 см, өндөр 115-140 см. Жин нь 150-200 кг байдаг.
Чих богинохон боловч нарийн. Сүүл 50 см урт үзүүртэй молцогтой. Бусад буга шиг сүүл хэсэгтэй цайвар биш. Туруу нь устай, намгархаг газраар амьдархад зохицсон ер бусын өргөн. Бусад буганаас илүү урт үстэй, сэрвээн дээгүүрээ дэл маяг хөхөлтэй.
Өвөлдөө саарал, зундаа улаавтар хүрэн зүстэй.
Эвэр нь 80 см хүрдэг. Хөндлөн огтлол нь бөөрөнхий. Эврийн салаа нь бусдаасаа эсрэг буюу ар зоо руугаа чиглэн ургадаг. Ямар сайндаа хятадууд энэ бугыг дөрвөн амьтны нэгдэл хэмээн нэрлэдэг гэнэ. (Sy-pu-xiang). Энэ нь морины хүзүүтэй, илжигэний сүүлтэй, буганы эвэртэй, үхэр туруутай онцгой амьтан гэдэг байж.
Уугуул нутаг нь Хятад гэхээс өөр юм байхгүй. Учир нь зэрлэгээр нь харсан хүн байхгүй. Биеийн онцлог, идэш тэжээлээс нь болж Зүүн хойд хятадын гол, намагтай нам дор газар тархаж байсан болов уу хэмээн таамагладаг.
Европд ирсэн бугануудаас Лондонгын амьтны хүрээлэнгийнх нь л өсөж үржин, бусад улсынх нь үр төлөө өгж амжилгүй үхэж үрэгдэжээ. Одоо энэ дэлхийд эсэн мэнд үржиж байгаа Милу буганууд нь тэртээ 100-гаад жилийн өмнө Англи улсад үлдсэн 16 буганы үр төл, мөчир салаа юм. Тавиад оны эхээр милу буга маань буцаад Бээжингийн амьтны хүрээлэнд ирлээ. Харин энд хараа хамгаалалт дор маш сайн өсөж үржин саяханы тооллогоор бүх Хятад улсад 5681 буга тоологдсон байна. Тэднээс хүний шууд хяналт, хамгаалалтгүй зэрлэгээрээ 1820 буга байна. Дэлхийн бусад амьтны хүрээлэнгүүдэд ч амжилттай сайн өсөж байгаа.
Энэ буганы нэг онцгой шинж чанар нь эвэрээ жилд хоёр удаа гээдэг.
Хандгайтай төстэй чанар бий. Тэр нь усанд маш дуртай, хүзүү толгой нь л ил гарсан усанд хагас өдөр зогсож чадна.
Зуны цагт усны ургамал, замаганд их дуртай. Энгийн өвс ургамал иднэ.
3 насанд бэлгэ боловсордог. Ороо хөөцөө 6-7 сард эхэлнэ. Эрэгчингүүд эвэр, шүд, тууруугаараа ч өрсөлдөж эмэгчингээ булаалдана. Хээлээ 250-270 хоног тээгээд 12 кг жинтэй 1-2 илий төрүүлнэ. Нэг согоо насан туршдаа 3 удаа л төрдөг учир өсөлт үржил удаан.
Байгалийн дайсан нь мэдэгдээгүй. Учир нь зэрлэгээр байгальд устсан тул. Гэвч тэжээвэр буга бар хараад сандран зугатаж байсан.
18 жил амьдарсан. Байгальд хэд насаладаг нь тодорхойгүй.
Устаж мөхөхийн даваан дээр байсан энэ буганы Улаан номонд анх байсан хуудасны дэвсгэр өнгө удахгүй өөрчлөгдөнө гэж найдаж байна. Bold Ch.

Имж.(Macropodidae). Кенгуру буюу Имж нь ууттаны баг имжний төрөлд багтдаг. 15-17 төрлийн 55 зүйл имж байдаг. Австрали ти...
18/01/2021

Имж.
(Macropodidae). Кенгуру буюу Имж нь ууттаны баг имжний төрөлд багтдаг. 15-17 төрлийн 55 зүйл имж байдаг.
Австрали тив, Тасмани арал болон Шинэ Гвинейн аралд тархсан.
Биеийн хэмжээ харилцан адилгүй.
Жижиг имжнүүд (имжин харх, заарт имж...) нь 25 см урт биетэй, 15 см сүүлтэй, 1.5 кг жинтэй байдаг бол. Аварга имжнүүдийн (Улаан имж...) биеийн урт 160 см. Сүүл нь 105 см. Жин нь 90 кг хүрдэг. Харин Модны имж болон Валлаби. Квокки имжнүүд дундаж хэмжээтэй.
Имж ер нь газрын амьтан. Модонд болон нүхэнд амьдардаг ганц нэг зүйлийг эс тооцвол.
Имжний харайлтыг бүгд мэддэг боловч алхаж чаддаггүй, бас хос сарвуунууд нь бие биеэнээсээ үл хамааран хөдөлж чаддаггүй. Харин усан дотор бол хамаарахгүй. Эм имж л ууттай байдаг. Усанд орохдоо уутаа нам хааж чаддаг. Бас имж ухарч алхаж чаддаггүй. Энэ чанар нь Австрали улсын сүлдэнд Эму хяруултай хамт залархад нөлөөлж чадсан болов уу?
Багахан сүргээр амьдардаг.
6-9 (12?) м урт, 3 м өндөр харайж чадна.
Өвсөн тэжээлтэн.
Хээлээ 40-45 хоног тээдэг. Хааяа ихэрлдэг. Улаан нялзрай өт шиг зулзага эхийнхээ хэвлий дээгүүр 30 минут орчим мөлхөж, уутруу орон ёроолд нь байх хөхний товчноос зүүгддэг.Хэрэв ямар нэгэн гай таараад зулзага унавал эх зүгээр л орхиод явдаг. Эвтэйхэн аваад уутруугаа хийх боломж үгүй. Тэрний оронд шинээр хээлтсэн нь амар. Сорох чадвар байхгүй тул эх нь өөрөө хөхний булчингаа агшааж, сулруулж хөхүүлнэ. Эмэгчин имж эхний төрсөн зулзагаа хөхүүлдэг хөх, сүүлд жилийн дараа төрсөн улаан нялзрай 2,5 см урттай зулзага нь хөхдөг бас нэг хөхтэй. Тэр хоёр хөхнөөс хоёр өөр янзын найрлагатай сүү гардаг. Хөгшин зулзаганд нүүрс ус ихтэй сүү, харин нялзрайд өөх тос ихтэй сүү бэлддэг. Бас имж зулзаганыхаа хүйсийг тохируулдаг. Залуу имж эм зулзага төрүүлдэг бол хөгширсөн хойноо эр зулзага төрүүлдэг. Бас нэг сонин юм байна аа. Энэ нь нялх зулзагатай үедээ хээл авчихвал хээлээ хойшлуулж хадгалж чаддаг.
Гол дайсан нь хүн, динго болон ялаа. Дайснаасаа үсэрч харайж зугатаад баригдах дээрээ тулбал уутандах зулзагаа гаргаж орхидог. Ер нь зулзага өвдөх буюу гэмтэхэд л голж орхидог.
Австралид нийт 40-50 сая имж амьдарч байна.
Ирландын Ламбей арал дээр амьтны хүрээлэнгээс оргосон Валлаби имжний зэрлэг сүрэг байдаг гэнэ.
Улаан номонд 9 зүйл имж бүртгэгдсэн.
Байгаль дээр 6-10 наслана. Хүний гарт 15 жил амьдрана. Bold Ch.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бид амьтанд хайртай posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category

Nearby pet stores & pet services


Other Zoos in Ulaanbaatar

Show All